Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл
Ulaanbaatar Clean air additional fund project

“Улаанбаатар хотын Цэвэр агаар Нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн анхны танилцуулга боллоо

2020.08.12

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалын өгсөн үүрэг даалгаврын дагуу 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх сургалт, семинарыг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, “Таван толгой түлш” ХХК, “Эрүүл орчин зөв ахуй” ТББ-тай хамтран 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад Нийслэлийн 6 дүүргийн Засаг дарга, хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарын 350 гаруй албан хаагч нар хамрагдаж, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Таван толгой түлш” ХХК, “Улаанбаатар хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн Төсөл”-ийн хамтарсан ажлын хэсэг мэдээлэл зөвлөгөө өгч оролцлоо.

Уг сургалт, семинараар 2012-2019 онд хэрэгжсэн “Улаанбаатар хотын Цэвэр агаар төсөл”-ийн үр дүн, 2019-2021 онуудад хэрэгжих “Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн танилцуулга, гэр хорооллын айл өрхүүдэд чиглэсэн агаарынбохирдлыг бууруулах богино хугацаат арга хэмжээнүүдийн талаар дүүрэг, хороодын удирдлага, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарт мэдээлэл хүргэн ажилласан.

“Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл” (УБЦА НСТ) нь Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр 2012 оноос хойш хэрэгжсэн “Улаанбаатар хотын Цэвэр Агаар” төслийн үргэлжлэл юм. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад сайн үр нөлөө үзүүлсэн доорх арга хэмжээнүүдийг өргөтгөн, цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор төслийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар нь Дэлхийн банкинд тавьж 12.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг 2020 оны 04 дүгээр сард УИХ-аар батлуулснаар төслийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдээд байна.

УБЦА НСТөслийн хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлууд:

Гэр хорооллын хэрэглэгчид рүү чиглэсэн, агаарын бохирдлыг бууруулах богино хугацаат дараах арга хэмжээнүүдийг санхүүжүүлнэ. Үүнд:

  • Гэр хорооллын 5,000 орчим айлын халаалтыг шөнийн дулаан хуримтлуурт цахилгаан халаагуураар шийдвэрлэнэ;
  • ШДХ-т цахилгаан халаагуур суурилуулсан айл өрхийн дулаан алдагдлыг игэдийн оролцоотойгоор бууруулна;
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэр хороололд барьж байгуулах “Дэд бүтцийн төв”-ийн үйл ажиллагааг дэмжин 200 орчим айлыг бие даасан инженерийн хангамжтай тохилог амины орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлнэ.
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт агаар, орчны чанарыг хянах тоног төхөөрөмж ханган нийлүүлнэ.
  • Нийслэлийн өмчит халаалтын зуухнуудыг буулган төвлөрсөн дулаан холбоно.
 



Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл

Улсын нийслэлдээ Утаагүй амьдарцгаая!